Д.Хосбаяр: “Чингисийн Монгол ийм сайхан язгуур урлагтай юм шүү” гэдгийг сурталчилж явна
Монголчууд бидний уламжлалт, хорвоод хосгүй гайхамшигт өв соёлын нэг бол хөөмий буюу яруу өгүүлэхүйн эгшигэн урлагийг дэлхийд таниулж яваа Хөөмийч Д.Хосбаярыг энэ удаагийн зочноор урилаа. Тэрбээр ХБНГУ- д ажиллаж, амьдардаг. Ингээд түүнтэй онлайнаар хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.
- Та ХБНГУ- д уран бүтээлээ туурвиад олон жил амьдарлаа. Одоо бараг 20- иод жил болж байна уу?
- Би Германд суурьшиж, уран бүтээлээ туурвиснаас хойш 19 жил өнгөрч ээ. Цаг хугацаа гэдэг үнэхээр хурдан юм. Өчигдөрхөн л энд ирж байсан юм шиг санагдах юм.
-Монгол хүний цусанд байдаг нэг чанар бий. Монголчууд ямар ч сайхан хөгжилтэй оронд байсан эх орноо л санаад байдаг шүү дээ. Морь нь хүртэл нутгаа зориод давхичихдаг. Та эх орноо санадаг уу?
- Зөвхөн монголчууд гэлтгүй хүн болгон л эх орон, гэр бүлээ үргэлж санадаг байх. Миний хувьд эх орон, элгэн садан өөрийн гэсэн бүхнээ үргэлж санаж үгүйлэн сэтгэл зүрхэндээ үргэлж хамт байдаг даа.
-Ховд аймгийн Чандмань сумынхан найман настай балчираас 80 настай буурай хүртэлх бүх насны хүмүүс хөөмийлддэг гэдэг. Энэ ямар учиртай юм бол. Газар зүйн байрлал, уул устай нь холбоотой гэх хүмүүс ч байдаг.
- Хүн болгонд ил болон далд бахархал байдаг. Миний хувьд энэ сайхан урлагтай холбогдож, бусдад түгээн амьдарч яваа хүний хувьд энэ урлагийнхаа ариун голомт болох төрсөн нутаг минь миний сэтгэлд хамгийн онцгой байр суурийг эзэлдэг. Манай нутаг усныхан хөөмийн урлагаа дээдэлж бүгд хөөмийлддэг нь магадгүй энэ язгуураараа дамжуулж байгальтайгаа илүү ойр байдагтай холбоотой байх. Хөөмийн урлаг байгалиас үүсэж бий болсон бөгөөд биднийг байгальтай үргэлж холбож өдий хүргэсэн болохоор нутаг орон, уул устайгаа холбоотой байлгүй яахав. Дэлхийн бусад оронд манай хөөмийн урлагтай төстэй урлаг байх ч монголчуудын бахархал болсон хөөмийтэй харьцуулахад хаана нь ч хүрэхгүй.
-Монгол орныхоо биет бус өв болох хөөмийг дэлхийд сурталчилах тал дээр ямар ямар ажил зохион байгуулж байна бэ?
- Миний энэ олон жил гадаад улс орнуудад хөөмийн урлагийг хүргэж яваа маань өөрөө биет бус өвөө хүмүүст хүргэж сурталчилж түүгээр дамжуулж хамгаалж яваа хэрэг юм. Дэлхийн олон ч орноор тоглолт хийж “Чингисийн Монгол ийм сайхан язгуур урлагтай юм шүү” гэдгийг сурталчиллаа.
-Дэлхийн олон орноос та бүхэнд урилга ирдэг гэсэн. Ойролцоогоор хэдэн улсад тоглолтоо хийсэн бэ?
- Олон жил европын урлагийн зах зээлд энэхүү урлаг соёлоо түгээж явсны үр дүнд тоолж баршгүй олон хүрээллийг бий болгож чадсан. Бидний хувьд хэдэн улсад тоглосон гэхээсээ илүү хэр олон хүнд энэ урлагаа хүргэсэн, хэр үр дүнтэй болсон нь чухал байдаг. Хүний нутагт ажиллаж, амьдарч байгаа ч зөвхөн мөнгө хураах бус, соёлын үр тарьж уйдаа сэтгэл өөдрөг явдаг тэгээд ч зорьсон зорилго маань биднийг хөтөлж, амжилт дагуулсаар байгаад баяртай байдаг.
-Энэ жил ямар ямар улсад тоглохоор төлөвлөж байгаа вэ. Монголдоо ирж тоглолт хийх бодол байдаг уу?
- Энэ жил төлөвлөсөн цуврал тоглолтууд маань үргэлжлээд явж байна. Зөвхөн европийн орнуудад биш өмнөд, хойд америк болон Азийн орнууд гээд үргэлжилнэ дээ. Удахгүй Монголдоо тоглохоор төлөвлөж байгаа.
-Германд суугаа Монгол Усын Элчин сайдын яам хөөмийн урлагийг сурталчилах тал дээр тантай хамтарч ажилладаг уу?
- Элчин сайдын яам энэ урлагийг сурталчилах тал дээр биш дэмжих тал дээр илүү анхаардаг. Гэхдээ одоохондоо янз бүрийн дэмжлэг авсан юм байхгүй. Бид өөрсдийнхөө чадах хэмжээнд сурталчилаад явж байна. Харин Европын орнуудад сууж буй Элчин сайдуудтай тодорхой хэмжээнд хамтарч ажилладаг.
-Та хамтлагтынхаа гишүүдийг танилцуулахгүй юу?
-Манай "Khosoo&Transmongolia" хамтлаг таван гишүүнтэй. Т.Амартөр, Б.Зоригтбаатар, их хуурч Б.Мягмарбүрэнхүү хамтлагийн менежер Г.Алтансувд бид бүхэн хамтарч ажиллаад удаж байна. Бид хамтраад Монгол Улсын үнэт өв болох морин хуур болон хөөмийн гайхамшгийг гайхуулж явна. Үүгээрээ ч бахархдаг.
-Хөөмийн урлагийг гаднын хүмүүс маш ихээр сонирхож суралцах болсон. Монголын биет бус энэ өвийг дэлхийн бусад улс орны иргэдэд зааж сургах нь зөв үү. Та ямар бодолтой байдаг вэ?
- Зааж сургаж бололгүй л яахав. Гэхдээ тодорхой бодлого байх хэрэгтэй. Энэ тал дээр ССАЖЯ тодорхой арга хэмжээ авч хяналт тавьдаг байх гэдэгт итгэлтэй байна. Нэг л мэдэхэд өөр нэг орны хэн нэгэн манай өв гээд зүтгэхийг үгүйсгэх аргагүй шүү.
-Герман улсад амьдарч уран бүтээл тууриваад их удлаа. Шантрах үе байв уу. Монголдоо амьдаръя гэсэн бодол төрдөг үү?
- Хөөмий өөрөө онцгой урлаг хэн, хаана, ямар орон зайд хүмүүст хүргэх нь сонин биш . Надад шантрах гэсэн ойлголт байдаггүй. Энэ дэлхий чинь жижигхэн шүү дээ. Би өөрийгөө Монголдоо амьдарч байна гэж төсөөлдөг. Энд тэнд явж тоглолт хийж хөөмийн урлагаа сурталчилах нь хөөмийч хүний хувьд хийх ёстой ажил гэж боддог.
-Та хэзээ эх орондоо ирэх вэ. Монголчууддаа, хойч үедээ дэлхийд ховорхон хөөмийг зааж сургах бодол байдаг биз дээ?
- Хөөмийн сургалтын хувьд яг идэвхитэй ажиллаж байгаа юм байхгүй. Гэхдээ сонирхсон монгол залуучууддаа зөвөлгөө өгдөг. Удахгүй хэдэн нөхдийн хамт Монголдоо Яязгуур урлагийн төв байгуулах санаатай байгаа. Ер нь шавь сургалт явуулж хөөмийг жинхэнэ утгаар нь зааж өгөхсөн гэсэн бодол байдаг.
-Монголчууд их авъяаслаг, чадвартай хүмүүс гэдгээ харуулсаар байна. Дэлхийд танигдсан “Авъяаслаг Британчууд” нэвтрүүлэгт уран нугараач Л.Оюунгэрэл оролцож эх орноо сурталчилж байсан. Та ч бас "Германы авьяаслаг залуус" нэвтрүүлэгт оролцсон байх. Ямар амжилт үзүүлсэн бэ?
- Дитер Болены зохион байгуулдаг "Германы авьяаслаг залуус" тэмцээнд нийт 26 улсын 37 мянга гаруй хүн оролцсон. Би анх орохдоо телевизээр шууд дамжуулах хагас финалд үлдэх зорилго тавьсан. Хэрэв тэгж чадвал олон сая хүн миний Монголын хөөмийг таньж мэдэж чадна гэж бодсон. Тэгээд би зорилгодоо хүрч зургаадугаар шат буюу хагас финалд үлдсэн. Миний оролцсон сүүлийн хагас финалын тоглолтыг гэхэд Европ даяар 13 сая хүн шууд үзэж сонирхсон судалгаа байна лээ. Олон сая хүн надаар дамжуулан энэ урлагийг мэддэг болсон гэж бодохоор их сайхан санагдаж байсан.
Эх орныхоо гайхамшигт өв болох язгуур урлагаа дэлхийд таниулж яваа танд болон танай хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Т.Болормаа